Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны байгууламжуудыг буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-11 17:17:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ.

Энэхүү ажлыг энэ сарын 19-нийг дуустал зохион байгуулах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна хэд хэдэн нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна. Тухайлбал, нийслэлтэй сурталчилгаа байрлуулах гэрээ байгуулсан ч хураамж төлдөггүй, хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах; зэрэг зөрчил гарч байгаа юм. Мөн дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах, ногоон байгууламж сүйтгэх зөрчил гаргадаг байна. Тиймээс Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамжинд байрлуулсан зарын самбаруудыг буулгах юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ