Сэлэнгэ аймаг жендерийн бодлоготой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-08 10:45:07
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлөө жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтөөр ханган ажиллах зорилгоор “жендэрийн эрх тэгш байдал”-ыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг 2018-2021 оны хугацаанд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Аймгийн хэмжээнд жендэрийн тэгш байдлыг ханган ажиллахад жендэрийн асуудлаарх мэдлэг, ойлголт дутмаг. Мөн байгууллагуудын хамтын ажиллагаа сул, тогтолцооны хувьд чадавхигүй байдал нөлөөлж байсан байна. Иймээс жендэрийн бодлоготой болох зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж энэхүү дэд хөтөлбөрийг Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам, аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа үйл ажиллагаатай уялдуулан боловсруулан гаргажээ.  Жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт далд хэлбэртэй явагддаг байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн сумын түвшинд дотуур байранд амьдарч байгаа оюутан, сурагчдад эдийн засгийн дарамтаас үүссэн бэлгийн хүчирхийлэлд өртөх болон орчны гэрэлтүүлэг тохижилт муутайгаас шалтгаалан халдлагад өртөх асуудал гарч байжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа гэнэ. Тус аймаг нь 17 сум, 6 тосгон, 56 багтай. Өнөөгийн байдлаар аймгийн ИТХуралд нийт 37 төлөөлөгчөөс эмэгтэй долоо, 11 тэргүүлэгчээс гурав нь эмэгтэй төлөөлөгч байна. Сумдын ИТХуралд 387 төлөөлөгчөөс 146 эмэгтэй, 119 тэргүүлэгчээс 42 нь эмэгтэй. Багийн иргэдийн нийтийн хуралд 267 тэргүүлэгчээс 136 эмэгтэй байна. Мөн Нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалд нийт 175 хүн ажиллаж байгаагаас 59 хүн буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ. 
Хэдийгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин боловсронгуй болж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ахиц, дэвшил гарч байгаа боловч хууль хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх, санхүүжилтийг хүрэлцээтэй хуваарилах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэгт нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлууд байсаар байгаа аж. Энэхүү хөтөлбөрт хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын жендэрийн асуудлаарх бодлого боловсруулах, төлөвлөх, үнэлэх чадавхи сайжрах. Цаашлаад жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр барих. Мөн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхи дээшилж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирч, дундаж наслалт нэмэгдсэн байх зэрэг сайн нөлөө гарсан байх юм байна.
 
Холбоотой мэдээ