Д.Трамп "Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номыг "уран зөгнөлт зохиол" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-07 11:41:58
ВАШИНГТОН. /Ройтерс/. Америкийн зохиолч Майкл Волфф саяхан гаргасан шинэ номондоо “Дональд Трамп бол сэтгэцийн хувьд ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн” гэж бичсэнтэй холбогдуулан АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ энэ номыг “уран зөгнөлт зохиол”, өөрийгөө “сэтгэл санааны хувьд маш тогтвортой суут ухаантан” гэж тодорхойлжээ.

“Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номоо М.Волфф энэ долоо хоногийн баасан гарагаас худалдаанд гаргасан бөгөөд энэ ном нь АНУ-ын номын дэлгүүрүүд болон “Амазон” цахим хуудасны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.

Энэхүү номонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль, түүний сонгуулийн штабынхан болоод Цагаан ордны албан хаагчдын зан авирын тухай өгүүлдэг аж. Мөн Д.Трамп АНУ-ыг удирдах ур чадвартай нэгэн мөн үү гэсэн асуултад түүний туслахууд хэрхэн хариулсныг энэ номноос унших боломжтой гэнэ.

Бямба гарагт буюу өчигдөр зохиолч М.Волфф нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Д.Трамп сэтгэцийн хувьд ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн гэж түүнийг тойрон хүрээлэгчид бүгд үзэж байна. Д.Трамп яг л жаахан хүүхэд шиг гэж тэд хариулсан” гэжээ.

Үүнтэй холбогдуулан Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудастаа “Миний бүх л амьдралынхаа туршид нандигнаж ирсэн хамгийн том хоёр өмч бол сэтгэл санааны тогтвортой байдал бөгөөд  эрүүл саруул ухаан юм. Би маш амжилттай яваа бизнесийн салбараас телевизийн од ...АНУ-ын төрийн тэргүүн болтлоо өсөн дэвжсэн. Би үүгээрээ өөрийгөө тэнэг биш харин ч сэтгэл санааны хувьд маш тогтвортой суут ухаантан гэдгээ нотолж байна” гэж бичсэн байна.
 
Д.Трамп дараа нь сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би энэ зохиолчтой хэзээ ч ярилцаж байгаагүй, ярилцах ч үгүй. Энэ хүн бол луйварчин. Түүний ном нь бүхэлдээ уран зөгнөлт зохиолоос өөр юу ч биш” гэжээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ