УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-04 10:12:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Өнгөрсөн онд УИХ 269 хууль баталжээ. Үүнээс эхний хагас жилд 222 хуулийг баталсан бол 47 хуулийг үлдсэн хагаст нь баталсан байна. Энэ нь УИХ өнгөрсөн оны үлдсэн хагас жилд зөвхөн томилгоо хэлэлцсэн байна гэсэн үг. Иймд УИХ улс оронд хэрэгтэй хууль тогтоомжийг батлах шаардлагатай. Ирэх он жилүүдэд хоёр хөрштэйгээ хамтарч ажиллаж, эдийн засгийн коридорыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Эдийн засгийн коридорын асуудлаар би өнөөдөр Ерөнхий сайдад асуулга хүргүүлнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ татвар нэмсэн асуудлыг УИХ-ын дарга анхааралдаа авах хэрэгтэй гэхэд УИХ-ын дарга М.Энхболд татварын нэмэгдлийн асуудлаар Сангийн сайд болон бусад албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан гэсэн юм. Үүгээр чуулганы хуралдаан эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Туул
 
Холбоотой мэдээ