Хэлмэгдэгсдэд олгох нөхөн олговорт татвар хураамж оногдуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-03 18:11:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нөхөх олговрыг хэзээнээс олгож эхлэхээр тооцож байгаа, түүнээс татвар хураамж авах эсэх, УИХ-ын гишүүн Д.Ганболд улс төрийн хилс хэргээр цаазлагдсан, ял эдэлж байсан хэлмэгдэгсдийн үр хүүхдэд олгох нөхөх олговрын хэмжээг ямар зарчмаар тооцсон, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд одоогоор шийдлээ хүлээж байгаа өргөдөл гомдол, мөн шалгагдаагүй хэрэг материал хэр олон байгаа, энэ ажлыг хэзээ дуусгах боломжтойг тодруулав. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд өмнө нь нөхөх олговрын мөнгө, бас орон сууц, гэр олгох зэргээр олон арга хэмжээ авч хохирлыг нь барагдуулахад төрөөс зохих ёсоор анхаарч ирсэн, энэ удаагийн зохицуулалтыг сайн нарийвчилж зааж өгөхгүй бол маргаан гарах, буруу ташаа ойлгоход хүрч мэдэх учраас нухацтай хандах шаардлагатай гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, "Нөхөн олговрын мөнгө энэ оны төсөвт тусгаагүй, 2019 оноос эхэлж улсын төсөвт суулгана. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөх олговроос ямар нэг суутгал, татвар хураамж авахгүй байх зохицуулалттай" гэсэн хариултыг өгч байв. Гишүүдийн зүгээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдэд 80 сая, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгохоор тусгах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр боллоо.
Холбоотой мэдээ