Сэтгүүлч Х.Алтантуяа Монголын Радио,телевизийн тэргүүний ажилтан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-03 17:19:05
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа орон нутгийнхаа Ховд телевизээс анхны ажлын гараагаа хэлсэн сэтгүүлч Х.Алтантуяа шинэ оны босгон дээр МҮОНРТВ-ийн захирлын тушаалаар “Монголын радио,телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртлээ.
Тэрээр аймгийнхаа телевизийн салбарт 17 жил сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд  ТВ-9 Инфо  сүлжээний Ховд аймаг дахь сурвалжлагч, khovdnews.mn сайтын эрхлэгчээр ажиллаж, өдөр тутмын цаг үеийн шуурхай мэдээллийг  “Орон нутгийн мэдээллийг олон нийтэд “ уриатай иргэддээ шуурхай  түгээж байна.
Х.Алтантуяа орон нутгийн Эко телевизийг үүсгэн байгуулж, байгаль орчны сэдвээр олон сонирхолтой уран бүтээл үзэгчдэд хүргэж, мөн аймгийнхаа “Жаргалант” телевизэд  ажилласан туршлагатай.
2015 онд МСНЭ-ийн орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч номинацийн эзэн болж, МСНЭ-ийн нэрэмжит  Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
МСНЭ-ийн гишүүн, Монголын Радио,телевизийн тэргүүний ажилтан сэтгүүлч Х.Алтантуяа телевизийн уран бүтээлийн цаг наргүй их хөдөлмөрт мэргэжил ур чадвараа сорьж ажиллахын зэрэгцээ телевизийн сэтгүүлзүйд хөл тавьж байгаа залуу сэтгүүлчдэд мэргэжил, ажлын арга туршлагаасаа хуваалцдаг.
Тэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/- гаас зохион байгуулдаг “Нүүдлийн шувуудын диваажин” аян цуврал нэвтрүүлэг бэлтгэснээс гадна аймгийнхаа сумдын цаг үеийн отор нүүдэл, цас зуд, бүтээн байгуулалт, зам харилцаа,  хаврын тариалалт, намрын ургац хураалт зэрэг бүхий л ажилд мэргэжлийн үүргээ гүйцэтгэж, дайчин шуурхай ажилладаг сэтгүүлч юм.
А.Бямбасүрэн   
Холбоотой мэдээ