Перу улсын Ерөнхийлөгч асан ард иргэдээсээ хүлцэл өчив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-27 16:18:12
МОСКВА. /Би-Би-Си/. Иргэдийг хөнөөх тушаалыг аюулаас хамгаалах хүчнийхэнд өгсөн хэргээр 25 жилийн ял сонсоод байсан Перу улсын Ерөнхийлөгч асан Альберто Фухимори ард иргэдээсээ хүлцэл өчсөн талаар “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
 
“Манай засгийн газрын явуулж байсан үйл ажиллагааны үр дүн хүн бүхэнд таалагдаагүй гэдгийг би мэдэж байна. Зарим хүний итгэл найдварыг хөсөрдүүлснээ ч ойлгож байна. Тэдгээр хүнээс би чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна” хэмээн А. Фухимори фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Педро Кучински өөрт нь өршөөл үзүүлсэнд талархал  илэрхийлсэн аж.
 
П.П.Кучински  өнгөрсөн долоо хоногийн ням гарагт А.Фухиморийг “эрүүл мэндийн шалтгаан”-аар өршөөлөөр суллах шийдвэр гаргасан юм.  Харин перучүүд А.Фухимориг ялаа бүрэн эдлэх хэрэгтэй гэж үзэж, түүнийг өршөөлөөр сулласныг эсэргүүцэн жагсаж байна.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ