Өмнөд Суданы дайсагнагч талууд гал зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-25 09:05:36
ЖУБА. /АП/. Өмнөд Суданы засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, талууд ням гарагийн буюу өчигдөр шөнө дундын үеэс гал зогсоож эхэлсэн байна. Талууд гал зогсоох тухай хэлэлцээрт өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Этиопт гарын үсэг зурсан аж. Тэд иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр мөн тохиролцсон байна.

Талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Этиопийн Засгийн газар ням гарагт мэдэгдэл хийхдээ “Энэ гал зогсоох тухай хэлэлцээр бол Өмнөд Суданы ард түмэнд барьж буй Зул сарын хамгийн том бэлэг” гэжээ.

Өмнөд Судан нь иргэний дайн дууссаны дараа буюу 2011 онд тусгаар тогтносон хэдий ч тус улсад хоёр жилийн дараа дахин дайн байлдаан дэгдсэн юм. Дайсагнагч талууд 2015 оны наймдугаар сард энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч өнгөрсөн оны долдугаар сараас тус улсын нийслэл Жуба хотод талууд байлдаж эхэлсэн билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ