Телекамераар 30 шахам зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-22 12:07:08
Дорноговь /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрөгч 11 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд хот телекамерын хяналтын төвтэй болсон нь үр дүнгээ өгч эхэлжээ.
Энэ сарын 08-наас 14-ныг хүртэлх хугацаанд “Телекамерын хяналтын төв”-ийн жижүүрийн цагдаа нар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн 29 зөрчлийг камерын бичлэгээр илрүүлж холбогдох албан тушаалтанд  шилжүүлсэн байна.
Эхний удаа зөрчил гаргасан жолооч нарт зөвлөгөө өгч ажилласан бол цаашид зөрчил гаргасан жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ тооцохыг анхааруулжээ.
Орон нутгийн төсвийн 314,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын төвийн 34 цэгт 49 камер, найман татдаг камер, таван эргэдэг камер, таван улсын дугаар илрүүлэгчтэй камер, нэг ширхэг загасан нүдтэй камер, нийт 68 камер суурилуулсан байдаг. Дээрх камеруудыг Дорноговь аймгийн цагдаагийн газраас нэгдсэн удрдлагаар хангаж 24 цагийн турш хянадаг байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ