Бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийг эх орондоо авчирчээ

ТОЙМ
183@montsame.mn
2017-12-20 15:32:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа явцаас өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад анх 1999 онд бүртгэгдэж байжээ. Монгол Улсын хувьд хүн наймаалсан гэх хэрэгт холбогдуулж 2015 онд найм, 2016 онд есөн хүнийг ялласан байна. Хүн худалдаалах гэмт хэргийн төрлүүдээс бэлгийн мөлжлөгийн төрөлд охид, эмэгтэйчүүд илүү өртдөг. 2017 онд нийтдээ саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлснээс гадаад улсад үйлдэгдсэн есөн хэрэг байна. Энэ хэргүүдэд нийтдээ 130 эмэгтэй бэлгийн мөлжлөгийн хохирогчоор бүртгэгдсэн. Мөн Зүүн өмнөд Азийн орнуудад эрх ашиг нь зөрчигдөж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон долоон эмэгтэйг эх орондоо авчраад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг тэр тайлбарлалаа. Бэлгийн мөлжлөгт өртсөн 130 эмэгтэйн 20 нь насанд хүрээгүй охид байсан бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс дээрх хүүхдүүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ
 2017 оны статистик үзүүлэлтээр нийт 130 эмэгтэйн 80 орчим хувь нь 18-39 насныхан бол 20 орчим хувь нь 16-18 насныхан байв. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд ар гэрийн хараа хяналт сул байсныг онцлон анхааруулав. Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг бүлгүүдийг олж илрүүлэн, одоогоор нэг хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЦЕГ-ын даргын 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Эрүүгийн цагдаагийн албанд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, нэгжийг байгуулж, ийнхүү үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ