Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-19 18:22:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн хэмээх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан юм. Уг дүгнэлтийг УИХ-ын чуулган хүлээж авсан бөгөөд улмаар тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Ингээд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн нэрийн талаар ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан. Төсөлтэй холбоотой санал хэлэх гишүүн гараагүй тул төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Н.Туяа
Холбоотой мэдээ