“Сайн оюутан” хөтөлбөрт Завханы бүх оюутнууд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-10 00:33:56

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сайн Оюутан" хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөрийг аймгийн Боловсрол соёл урлагийн газраас МУИС-ийн Завхан сургууль, Политехникийн коллеж, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежид суралцаж буй оюутнуудын дунд явуулсан судалгаан дээр үндэслэн боловсруулжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудын дунд судалгаа шинжилгээ явуулж боловсруулснаар оюутнуудад тулгамддаг асуудлууд, тэдний цаашид хөгжин суралцах боломж, өөрсдийн хөдөлмөрөөр сургалтын төлбөрөө олдог болох, ажлын байранд гарахад эзэмших чадварууд зэрэг бүхий л зүйлийг тусгасан хөтөлбөр  болжээ. Тус хөтөлбөр нь 2017-2020 онд хэрэгжих бөгөөд сайн суралцсан оюутан бүрт дэмжлэг хүргэх, орон нутгийн оюутнуудын нийгмийн асуудал, гадаадад тэтгэлгээр суралцах бүхий л боломжийг хангасан зорилтууд тусгагджээ. Хөтөлбөрийг аймгийн ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газраас удирдлага арга зүйгээр хангаж мэргэжлийн сургуулийн удирдлага, хамт олон, Оюутны байгууллагууд, гадаадын олон улсын байгууллагын зээл тусламж, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлж хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээг аймгийн Боловсрол соёл урлагийн газар нэгтгэж, дүгнэлт гаргаж аймгийн ИТХ-д жил бүр тайлагнан ажиллах юм байна.
Дашрамд БСШУСЯ-наас гаргасан албан ёсны статистик мэдээгээр 2016-2017 оны хичээлийн жилд их дээд сургуулиудад Завхан аймгаас 4706 оюутан, үүнээс 2749 эмэгтэй оюутан суралцаж байна. Бакалавр 4168, магистар 491, докторт 47 оюутан суралцаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд Завхан аймагт 1170 төгсөгч хуваарь авахаар бүртгүүлж, гол өрсөлдөөн ихтэй томоохон төрийн өмчийн их дээд сургуулиудаас МУИС-д 72, МУБИС-д 118, ШУТИС-д 109, ХААИС-д 35, БХИС-д 13, СЭЗИС-д 13, АШУҮИС-д 44, СУИС-д долоон оюутан суралцаж байна. Харин  ОХУ-д 14, Тайванд нэг, БНСУ-д гурав, БНХАУ-д гурван оюутан тус тус суралцаж, үлдсэн нь төрийн бус өмчийн их дээд сургуульд элсэн суралцаж байгаа мэдээ байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ