Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг Монголоос илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-12-09 14:31:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөгийн Монголын нутагт 71-75 сая жилийн өмнө амьдарч байсан маш сонин биеийн бүтэц бүхий үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг эрдэмтэд нээж илрүүлжээ.

Энэхүү олдвор нь анх удаа хоёр хөлт махан идэшт, усанд сэлдэг үлэг гүрвэл байсан гэдгийг тодотгож байгаа юм. Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл нь хун шиг урт хүзүүтэй, хурц хумстай тавхайтай, нугас шиг хошуутай, сэлэх зориулалттай байж магадгүй урд мөчтэй. Европын палеонтологич Винсент Фернандез “Ийм биеийн бүтэцтэй үлэг гүрвэлийг бид өнөөдрийг хүртэл харж байсангүй” гэжээ.

Мөн шүд нь хойшоо нумарсан байгаа нь одоогийн матартай ойролцоо бөгөөд хоёр нутагтан хэлбэрт шилжиж байсны дохио аж. Биеийн бүтцээс нь үзэхэд энэ амьтан газар дээр гүйдэг, мөн усанд сэлдэг байжээ. Гэхдээ урт сүүл, урт хөлтэй л болохоос биеийн хэмжээ нь ердөө 45 сантиметр урттай бөгөөд одоогийн нугастай хэмжээгээр ойролцоо юм.



Монголын өмнөд хэсгээс олдсон уг олдворыг хууль бусаар Хятадаар дамжуулан Европ руу авч ирсэн байх гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан нээж илрүүлсэн бүх төрлийн үлэг гүрвэлийн таван хувийг Монголоос илрүүлсэн бөгөөд Монгол Улсын хуулиар эртний олдворыг хилээр гаргахыг хориглодог. Гэвч нутаг дэвсгэр том, малтлагын газрууд төв газраас хол байдаг зэрэг шалтгаанаар хуулийн хэрэгжилт нь тун муу байдаг хэмээн National Geographic бичжээ.

Говийн “Ухаа толгод” хэмээх газраас олдсон энэ олдвор олон жилийн турш хувийн цуглуулгад байсан бөгөөд Франсуа Эскуилье хэмээх цуглуулагч олдворыг Монголын талд эргүүлэн өгөхөөр эрдэмтдэд хандсан байна. Nature сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар уг олдворт хийсэн рентген шинжилгээгээр нэг амьтны яс болохыг нь тогтоосон төдийгүй өөр олон сонирхолтой мэдээллийг олжээ.  Тухайлбал, өөр ямар ч үлэг гүрвэлээс илүү олон шүдтэй байсныг тогтоожээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ