Чанарын ISO 9001 гэрчилгээтэй есөн байгууллага ажилладаг

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:29:12

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд болон тэргүүлэгчид ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартын сургалтад хамрагдав.

Сургалтыг аймгийн Стандарчлал, Хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын албаны дарга н.Баярбаатар чиглүүллээ. Тэрбээр хэлэхдээ “ISO 9001 стандарт гэдэг нь чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт. Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг зааж өгсөн байдаг бол бүхэлдээ хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг зөв зохистой хангуулахад чиглэдэг. Ер нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлэх зорилго бүхий ямар ч байгууллага үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, цар хүрээнээс үл хамаарч хэрэгжүүлэх боломжтой. Энэхүү стандарт нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгууллагынхаа ажлын чанарыг тасралтгүй сайжруулж хариуцлагыг дээшлүүлж эмх цэгцийг бий болгох боломжтой болдог. 2013 оны Олон улсын стандартын байгууллагын (ISO) статистик тоо баримтаас харахад чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг хамгийн ихээр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг бол дэлхийн 187 орны 1,3 сая орчим байгууллагууд шаардлага хангаж гэрчилгээжсэн гэсэн дүн мэдээ гарсан. Монгол улсын хувьд 76 байгууллага чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шаардлага хангаж баталгаажуулалтын гэрчилгээ авснаас 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна” гэв.

Дархан-Уул аймагт үйлдвэрлэл үйлчилгээний долоон аж ахуйн нэгж, төрийн хоёр байгууллага ISO 9001 гэрчилгээ аваад ажиллаж байна. 

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ