Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчилж байгаа нь бидэнд үзүүлж буй сэтгэл санааны том дэмжлэг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-17 18:16:39

Монгол Улс дахь Франц улсын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозевскитэй ярилцлаа.

-Парист болсон халдлагад юуны өмнө эмгэнэл илэрхийлье. Одоогийн байдлаар Парист нөхцөл байдал ямар байна вэ?

-Баярлалаа. Халдлагын дараахан дахин терроризм болохоос сэргийлж Франц улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн олон нийтийн байгууллагуудыг түр хугацаагаар хаасан байгаа. Гэхдээ зарим байгууллагууд эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон. Хэдий халдлага болсон ч амьдрал үргэлжилж байгаа учир аль болох хурдан хугацаанд хэвийн байдалдаа орохоор бүгд ажиллаж байна. Мөн Франц улсын Ерөнхийлөгчийн зарласан үндэсний эмгэнэлийн гурав хоног өнөөдөр дуусч байна.  

-Франц улс руу монголчууд олноор зорчдог. Халдлагын үеэр Парист байсан монголчууд сэтгэл зүйн зочролд өртсөн байх?

-Парис дахь Монголын ЭСЯ иргэддээ хандан нэн даруй сэрэмжлүүлэг хүргэн ажилласан. Харин амь нас эрүүл мэндийн хувьд монголчууд хохирол учраагүйд баяртай байгаа.

-Халдлагын улмаас ЭСЯ-ны үйл ажиллагаанд цаашлаад хоёр улсын аялал жуулчлал, бизнес эдийн засгийн харилцаанд өөрчлөлт гарсан зүйл байна уу?

-ЭСЯ-ны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ямар нэг өөрчлөлт гараагүй. Виз олгох болон бусад ажил хэвийн байна. Парис дахь өндөржүүлсэн бэлэн байдлыг зөвхөн францчуудын аюулгүй байдлын төлөө зарласан байгаа. Түүнээс хоёр орны хоорондын харилцаа, худалдаа, бизнесийн хамтын ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй.

-Парис дахь халдлагын дараа Францын зэвсэгт хүчин Сирийг бөмбөгдөж, үүнд энгийн иргэд өртсөн гэх мэдээлэл нийгэмд түгээд байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Терроризмын эл харгис үйлдлийн эсрэг Франц улсын хамгийн эхэнд авсан арга хэмжээ бол террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн. Сири улсын тухайд зөвхөн террорист бүлэглэлүүдийн бэлтгэл хийдэг, орогнодог байсан зэвсгийн агуулахыг л бөмбөгдөж устгасан. Энэ нь Франц улс төдийгүй дэлхийн бүх улс орнуудын аюулгүй байдлын төлөө хийсэн арга хэмжээ. Учир нь энэ бол зөвхөн Франц улсын асуудал биш юм. Манай ЭСЯ-нд ч, бусад ЭСЯ-д ард иргэд олноор ирж эмгэнэл илэрхийлсэн. Терроризм бол нийт хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй харгислал. Тиймээс байдаг бүх арга хэмжээгээрээ тэмцэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Хэдий халдлага болсон ч Франц улс олон улсын арга хэмжээнүүдийг цуцалсангүй. Үүний тод жишээ нь маргааш Франц улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээд хэмжээний айлчлал гэж харж байна?

-Энэ бол терроризмын эсрэг бидний өгч буй хариулт. Франц улс терроризмаас айхгүй. Бид төлөвлөж байсан олон улсын бүх арга хэмжээгээ саадгүй явуулна. Тийм ч учраас хоёр улсын түүхэн харилцаанд түлхэц өгөх учраас Ерөнхийлөгчийн айлчлалыг цуцлаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилж байгаа нь манай улсад үзүүлж буй сэтгэл санааны том дэмжлэг. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлыг ч төлөвлөгөө ёсоор зохион байгуулна. Терроризмтай тайван байж тэмцэх ёстой гэсэн байр суурь Франц улс барьж байгаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг эргэн харах болж байх шиг байна. Тухайлбал аюулгүй байдлаа чангатгах, хүний эрхийг хангасан заалтуудыг сайжруулах талаар эргэн харна гэж үзэж байгаа.

Н.Гантуяа 

Холбоотой мэдээ