Малын үнэ буурсан ч махны үнэ хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар, Архангай аймагт махны үнэ бөөндөхөд нэг килограмм нь 1800 төгрөг болтлоо унасан байхад, жижиглэнгийн нь үнэ хэвийн байна.
Нэг килограмм махны жижиглэнгийн үнийг төрлөөр нь нарийвчлан авч үзвэл, үхрийнх 5500, хониных 4000, ямааных 2500, адууны 5000, үхрийн цувдай 1500 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, ченжүүд нэг килограмм махнаас 700-гаас 3700 төгрөг хождог бөгөөд хачирхалтай нь тэд хаана ч татвар шимтгэл төлдөггүй байна. Чинж Д.Нацагдоржоос жижиглэнгийн үнээ яагаад бууруулахгүй байгаа талаар сонирхоход тэрээр, “Энэ бол зах зээлийн жам шүү дээ. Өнөөдөр оюутнууд, төсвийн байгууллагад ажиглагсад мах бөөндөж авах бэлэн мөнгөгүй ш дээ. Малчдад бэлэн мөнгө чухал хэрэгцээтэй байна. Банкнаас зээл авах гэхээр шалгуур нарийн, босго өндөр. Харин бидний гарт бэлэн мөнгө байна. Бид худлаа ярьж, хулгай хийгээгүй. Бэлэн мөнгөөрөө бөөндөж аваад жижиглэн худалдаалж байна” гэв.
Харин "Цэцэрлэг хотын зах дээрээс Хархорин, Улаанбаатар хотын хиамны цех, хоолны газрынхан унаа тэргээр давхиж ирээд малын махыг бөөндөөд яваад явчихдаг. Бид цувдайг нь л аваад үлддэг" хэмээн дайвар бүтээгдэхүүний тасгийн худалдагч Р.Долгорсүрэн бодит байдлыг хэллээ.
Архангай аймаг: Л.Булган