Монгол, Хятадын хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар тохиролцов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-04 21:02:08
Бээжин /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Сайд нар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлон, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв.
 Талууд 1994 онд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” болон харилцааны бусад баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэдгээ дахин нотлов.
 
Хоёр тал өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь чухал болохыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд БНХАУ-д айлчлуулж, Монгол, Хятадын хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов. 
Монголын талын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын талын “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ажил хэрэгч байдлаар бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхээр санал нэгдэв.
 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И  Хятадын тал Монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
 
 Мөн Монгол, Хятад, Орос гурван талын хамтын ажиллагааг урагшлуулж, олон улсын хүрээн дэх уламжлалт харилцааг үргэлжлүүлж, бүс нутгийн энх таййван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.
 
Хэлэлцээний дүнд сайд нар “Хамтарсан хэвлэлийн мэдээ” гарган, яриа хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Мөн энэ өдөр ГХ-ны сайд Д.Цогтбаатар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечы, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Ван Яжюнь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личюнь нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ