Умард Солонгосын цөмийн туршилтын талбай орчимд 2.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-02 16:47:05
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн талбайгаас холгүй орших газарт  өнөө өглөө /2017.12.02/ 2.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Өмнөд Солонгосын Цаг уурын газар мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын Умард Хамгён аймгийн Килжү хотод буюу өнгөрсөн есдүгээр сарын 3-нд зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн "Пунгери" цөмийн туршилтын талбайгаас нь 2.7 км зайтай орших газарт өнөө өглөөний 7:45 цагт 2.5 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Энэхүү чичирхийлэл нь байгалийн үзэгдэл мөн хэдий ч өмнөх цөмийн туршилтын уршиг байж магадгүй гэж цаг уурчид үзэж байна.

“Килжү бол газар хөдлөлтийн идэвхгүй бүсэд оршдог,  хад асга ихтэй газар. Тиймээс энэ газрын ойролцоо Умард Солонгос есдүгээр сард зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн нь газар чичирхийлэхэд хүргэсэн байж болох юм” гэж Өмнөд Солонгосын Цаг уурын газрын албаны хүн хэлэв.
Г.Доржханд
Холбоотой мэдээ