Монгол Улс “ХДХВ, ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-01 14:19:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд ХДХВ, ДОХ-ын тархалтын байдал, ХДХВ, ДОХ-оох урьдчилан сэргийлэх чиглэлээр авч байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болов.

Тус хурал нь “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулж байгаа бөгөөд ЭМЯ, ДЭМБ, Глобаль сан, ХӨСҮТ болон бусад холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Хэвлэлийн бага хурлын нээлтийн үгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн бол ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулсан мэдээллийг ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордица танилцуулж үгээ хэллээ. Мөн энэ чиглэлээр Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар Глобаль сангийн зохицуулагч А.Оюунбилэг танилцууллаа.

НҮБ-ын ДОХ-ын Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе, ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийн уриалга гаргасныг товчлон хүргэе. Тэрбээр, “ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах энэ өдөр бид эрүүл байх эрхээ эдлэхийн ач холбогдол, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн уг эрхээ эдлэхэд нь тулгардаг асуудлуудыг онцлон тэмдэглэж байна. Эрүүл байх эрх нь хүний үндсэн эрх бөгөөд олон улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай гэрээнд хүн бүр бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн дээд түвшинд хүртэл эрүүл байх эрхээ эдлэх эрхтэй гэж заагдсан байдаг. ХДХВ-ээр өвчилсөн хүмүүс эрүүл мэндээ хамгаалуулахгүйгээр 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй. Эрүүл байх эрх нь өөр бусад эрх болох эрүүл ахуй, хоол хүнс, зохистой орон байртай байх, эрүүл цэвэр ажлын орчин зэрэг эрхтэй харилцан хамааралтай. 2030 он гэхэд ДОХ-той тэмцэх 90-90-90 эмчилгээний зорилтыг биелүүлэхэд энэ жил чухал ач холбогдолтой алхмуудыг хийсэн байна. 21 сая орчим хүн эмчилгээнд хамрагдаад байна. Мөн ДОХ-той холбоотой нас баралт дэлхийн олон олонд буураад байгаа аж. Харин үүнд бид сэтгэл хангалуун байж болохгүй.



Зүүн Европ болон Төв Азийн бүс нутагт 2010 оноос хойш ХДХВ-ийн шинэ халдвар 60 хувиар өсч, ДОХ-той холбоотой нас баралт 27 хувиар өссөн байна. Баруун болон Tөв Африкийн бүс нутагт хүмүүс ард хоцрон үлдсээр байгаа юм. Гурван хүн тутмын хоёр нь эмчилгээнд хамрагдахгүй байна. Бид ДОХ-ыг устгахын тулд хоёр өөр хурдтай замаар яваад үр дүн гарахгүй. ДОХ-ын хувьд бүх амжилт хараахан болоогүй байна, гэхдээ хүн бүр хаана ч гэсэн эрүүл байх эрхээ эдэлж байгаа цагт энэ нь боломжтой” гэжээ.  

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улс дэлхий дахины тавьсан “90, 90, 90” зорилтын дагуу ДОХ-ын вирусын халдварын илрүүлэлтийг 90 хувьд хүргэхийг зорьж байна. Манай улсын илрүүлэлт одоогоор 36 хувьтай байгаа. Мөн илрүүлсэн халдвартай хүмүүсээ 90 хувь эмчилгээнд хамруулах зорилтыг 93 хувьтай биелүүлсэн. Эмчилгээний үр дүн 92 хувьтай гэж үнэлэгдсэн. Эмчилгээнд бид сүүлийн үеийн, шинэ эмүүдийг хэрэглэж байгаа. Үүнээс үзэхэд манай улс ДОХ-ын вирусын халдварын илрүүлэлт дээр илүү анхаарах хэрэгтэй байна” гэдгийг онцлов.

Д.Өлзий
Холбоотой мэдээ