Хоёр мянган тонн махны захиалгатай үйлдвэрийн ажил зогсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-30 20:14:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн "Зергер интернешнл" компани 2017 онд Иран Улсад хоёр мянган тонн буюу 250 мянган толгой хонины мах экспортлох захиалга авчээ.  Гэвч энэ жил тус махны үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна.

Үүний шалтгааныг нь "Зергер интернешнл" компанийн гүйцэтгэх захирал М.Нурбол: "Тус компани нь "ААА" зэрэглэлийн итгэмжлэлтэй Монгол Улсын гурван компанийн нэг юм. Иран Улсын хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум гаруй төгрөгөөр махны үйлдвэр барьсан. Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой. Манай үйлдвэрийн хамгийн гол онцлог нь малыг иргэдийн гараас зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч, олон улсын "Халал" стандартын дагуу нядална. Малыг нядлах, боловсруулах үйл ажиллагааг Ираны мэргэжилтнүүд, малын эмч нар нэг бүрчлэн хянана. Гэвч эдгээр мэргэжилтнүүдээ энд ирүүлж чадахгүй байгаагаас үүдэн үйлдвэрийн ажил зогсчхоод байна. Хуулиар тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэд зохих виз авах шаардлагатай. Виз авахын тулд манай талаас урилга илгээх ёстой. Бид өнгөрсөн зургадугаар сараас Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлж өгч, урилга олгохыг хүссэн боловч одоо хүртэл шийдэгдээгүй байна" хэмээн тайлбарлалаа.

Хэрэв дээрх зөвшөөрлийн асуудал шийдэгдвэл малчдын малаа борлуулах асуудал нааштай шийдэгдэж, олон хүн ажлын байраар хангагдах боломжтойг тэрээр онцолж байна.

Тус компани нь 2011 онд байгуулагдсан байна. Өлгий хотод өдөрт мянган толгой мал нядлах хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, махыг хагас боловсруулах үйлдвэртэй ажээ.
Тэрээр 54 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд өнгөрсөн жил 40 тонн мах бэлтгэж экспортод гаргажээ. 

Дашрамд хэлэхэд, бэлчээрийн даац, өвөлжилтийн төлөв байдлаас харгалзан энэ жил тус аймагт 659,4 мянган толгой малыг борлуулах шаардлагатай гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаад байна. Орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүд 1220 тонн мах бэлтгэсэн боловч түүнийг борлуулах асуудал шийдэгдээгүй аж. Одоогоор аймгийн удирдлагын зүгээс ОХУ, БНХАУ, Казахстан улсуудад мах экспортлох зөвшөөрөл олгох хүсэлтийг Засгийн газарт тавиад байгаа юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ