Оргон зайлсан 28 этгээдийг олж тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 10:22:51

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн арга хэмжээний  эхний 20 хоногийн байдлаар халаас, орон байр, автомашины эд зүйл хулгайлах 264 хэрэг нөхөн, 128 хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ гэж УБХЦГ-аас мэдээлэв.  Хулгайлах гэмт хэрэг 306, дээрмийн хэрэг 19, булаалт 20, хүчирхийлэл 13, залилан мэхлэх 34, нийт 392 хэргийг илрүүлж, шалгаж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 28 этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоожээ.     

Мөн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт автомашины цонх цохиж эд зүйлийг нь хулгайлдаг гурван бүлэг этгээдийг баривчлан шалгах ажиллагаа хийж байна.  “Нарантуул”, “Хархорин” зах, “Тэди”, “Монтел” зэрэг газруудаар хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг гар дээрээс гар утас худалддаг этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж байна.

Цагдаагийн газраас иргэдэд тээврийн хэрэгслээ харуул хамгаалалтгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, чанарын шаардлага хангасан хяналтын камер тавьж байршуулах, хүн олноор цугларч байгаа газар, зах, худалдааны төв, гудамж талбай, нийтийн тээврээр зорчих үедээ халаас, цүнхнээсээ эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй явж байхыг анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ