Дашинчилэнд хүүхэд хулгайлахыг завдсан гэдэг нь ташаа мэдээлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-27 11:02:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд хүүхэд хулгайлахыг завдсан тухай мэдээлэл тархаж, зэргэлдээ аймгийн сумынхан иргэддээ сэрэмжлүүлэг хүргэжээ. Гэтэл ийм явдал болоогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Манай суманд хүүхэд хулгайлахыг завдсан явдал болоогүй. Хүүхдийн яриагаар нэгэн иргэн өөрийн фейсбүүкт мэдээлэл тавьснаас болсон дуулиан юм. Сумын хүүхэд хамгааллын баг тухайн иргэнтэй уулзаж бичсэн зүйлийг нь устгуулсан. Сумын хэмжээний камерыг шүүж үзсэн. Хүүхэд хулгайлахыг завдсан явдал тогтоогдоогүй гэж Дашинчилэн сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Б.Энхболд хэллээ.
Үүнээс болж "Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн суманд охидыг хүчээр машинд суулгахыг завдсан гэмт хэрэг гарч шалгагдаж байгаа учир эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна" гэж Төв аймгийн Өндөрширээт сумын дунд сургууль сэрэмжлүүлэг хүртэл гаргаж олон нийтийн сүлжээгээр цацсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ