Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-17 11:41:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос ирэх сарын 01-нээс “Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил” зохион байгуулах болжээ.

Улсын хэмжээнд хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр МҮЭХ-ны 2400 гаруй салбар ажиллаж байгаа бөгөөд нийт 19 мянга 933 идэхвтэн гишүүн бүртгэлтэй байдаг аж. Дээрх гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах болон үр дүнгийн урамшууллаас хасах зэргээр саад учруулдаг байна. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг хамгаалах нь туйлын чухал байгааг МҮЭХ-ны удирдлагууд онцлов.

"Хүний эрхийг хамгаалагчдийн эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил”-ын хүрээнд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг олон нийтэд сурталчилан, хууль эрхзүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулах аж. Мөн тус холбооны гишүүдийн эрхийг хамгаалах, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд ХЭҮК болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрт оролцогч талууд хамтран иргэдийн болон үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Гэсэн хэдий ч Засгийн газар шинээр томилогдох бүрт Хөдөлмөрийн сайдууд үндэсний хэлэлцээрээр тохирсон хуулийн шинэчилсэн найруулгад дур мэдэн өөрчлөлт оруулдаг байснаас бидний боловсруулсан энэ төсөл батлагдахгүй өдийг хүрлээ. Энэ удаад ХНХ-ийн сайд С.Чинзоригтой хамтран хуулийн төслийг батлуулахыг хичээх болно. Өнөөдөр С.Чинзориг сайдтай уулзаж энэхүү асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ