"Хязгаараас ангид" модерн бүжигт Монгол, Японы уран бүтээлчид хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-14 15:53:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын сонгодог бүжигчид  хамтран  “Хязгаараас ангид” модерн бүжгийн тоглолтыг энэ сарын 18-нд “The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд” үзэгчдэд толилуулна. 
Монголын сонгодог  урлаг сонирхогчдод зориулан орчин үеийн модерн контемпорари урсгалын бүжгүүдийг толилуулах санаачилгыг Япон улсад ажиллаж буй Монголын залуу уран бүтээлчид гаргажээ.
Тус санаачилгыг Япон улсад суугаа Монголын ЭСЯ болон холбогдох байгууллага дэмжсэнээр өдгөө уран бүтээлчдийн баг Монголд бэлтгэл, сургуулилтаа хийж байна.
Тоглолтын гол зорилго нь Монголын балетын урын санд орон зай нь үгүйлэгдэж буй үзэгчдийн байнга үзэж чаддаггүй модерн урсгалын бүжигийг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран сар гаруйн хугацаанд монголын хөрсөн дээр туурвиж байгаад оршино.
“Энэ нь тухайн уран бүтээлийн хуулбар биш эх хувь болж үлдэхээрээ чухал үнэ цэнэтэй. Хоёр орны бүжигчид харилцан туршлага солилцох, тэр дундаа Японы бүжиг дэглээчдийн ур чадвараас суралцах, модерн урсгалын мөн чанарыг илүүтэй таньж мэдрэхэд үр нөлөөтэй хамтын ажиллагаа юм" хэмээн төслийн ерөнхий зохион байгуулагч, продюссер МУГЖ Х.Гэрэлчимэг хэллээ.
Хоёр орны залуу бүжигчдийн хамтарсан модерн тоглолтын найруулагч, дэглээчээр, Японы бүжиг дэглээч Жо Фунаки, түүний гэргий Ю Фунаки туслах найруулагчаар ажиллаж буй. Бүжигчдийн бүрэлдэхүүнд Японы талаас Саяака Ябута болон УДБЭТ-ын балетын гоцлоочоор ажиллаж байсан, өдгөө Японд мэргэжлээрээ ажиллаж буй бүжигчин А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн нар болон тус театрын балетын жүжигчид багтжээ. 

Хоёр хэсгээс бүрдэх тоглолтод Жо Фунакигийн “Хязгаараас ангид”-аас гадна Монгол, Орос улсын бүжиг дэглээчдийн модерн урсгалын бүжгүүд, бүжиг дэглээч Г.Лхагва агсны дэглэсэн бүжгүүдийг бүжих юм.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Сонгодог Арт” ХХК-ийн дэргэдэх “Ub ballet school“ сургалтын төв, дэмжигч байгууллагаар Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, УДБЭТ, “Болд” сан, Ерөнхий ивээн тэтгэгчээр “Корпорэйт Хотел Конвеншн Центр”-ийн хамт олон, ивээн тэтгэгчээр “Serj classic mecenat foundation”, “DIOR”, “Эрдэнэзоо Транс” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Khuvsgul lake” ХХК тус тус оролцоно.
Ж.Болор
 


 
Холбоотой мэдээ