ОХУ-ын ажиллагааны улмаас дүрвэгсдийн тоо нэмэгдэж байна гэв

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-11-16 12:13:01

АНТАЛИЯ. /ВВС/. Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагааны улмаас Европыг зорих дүрвэгсдийн тоо нэмэгдэж байна гэж Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдэв.

ОХУ Сирийн сөрөг хүчин гэхээсээ илүүтэйгээр “Лалын улс” бүлэглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэж тэрбээр Туркт болж буй “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байна гэж ОХУ мэдэгдсэн боловч Өрнөдийн олон орон, ОХУ өөрийн холбоотон болох Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг уг ажиллагаагаараа дэмжиж, түүнийг төрийн эрхэнд үлдээх зорилготой гэж үзэж байна.

“Их-20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр голдуу эдийн засгийн тулгамдсан асуудлаар хэлэлцдэг боловч Францын Парис хотод болсон аймшигт халдлагын улмаас энэ удаагийн уулзалт өөрөөр эргэлээ.

129 хүний амийг хөнөөсөн уг халдлагыг үйлдсэн болохоо “Лалын улс” мэдэгдсэн байна. Харин Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск уг хэрэгтэй холбогдуулан, Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд АНУ, ОХУ хамтран ажиллах нь нэн чухал гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ