Баянхонгорын залуус сайн туршлага судлахаар зүүн аймгуудыг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-13 12:20:51
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн залуус Улаанбаатар хот болон зүүн найман аймгийн залуучуудад чиглэсэн сайн туршлагыг судлахаар эхний аймаг болох Өвөрхангай аймаг руу хөдөллөө. Залуусыг явахаас нь өмнөхөн Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч, тус төслийн багийн ахлагч Э.Батзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Туршлага судлах аяллынхаа талаар тодруулаач.
-Энэ удаад зорилтот орон нутаг, байгууллагууд залуучууд руугаа чиглэн явуулдаг үйл ажиллагаа болон бодлого хөтөлбөртэй танилцан сайн туршлага хуримтлуулах замаар залуучуудад чиглэсэн төсөв, бодлогын орчинг бий болгох зорилго чиглэлтэйгээр Улаанбаатар хот болон зүүн аймгуудыг зорих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд цуглуулсан мэдээллээрээ аймаг бүрийн сайн туршлагыг тусгасан баримтын хуудас болон видео контент бэлдэх нөлөөллийн ажлыг мөн хийх болно. Сайн туршлага судлах төслийг Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Иргэний боловсролын төв, Залуучууд хөгжлийн төв, Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн төлөө нэгдэл хамтран хэрэгжүүлж байгаа.
-Та энэ удаад гэж яриагаа эхэллээ. Өмнө нь тус төсөл хэрэгжиж байсан гэсэн үг үү.
-Манай аймаг нь НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих тав дахь хөтөлбөрийн зорилтот аймгаар сонгогдоод дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилт нь залуучууд амьдрах ухаан, ур чадвараа бэхжүүлж, эерэг, хариуцлагатай байж, бие даах зан үйлд суралцсан байх юм. Өнгөрсөн жил хөтөлбөрийн хүрээнд баруун таван аймгаар туршлага судлах аялал зохион байгуулсан нь өндөр үр дүнтэй байж, сурч мэдсэн сайн туршлагуудыг зөвхөн залуучуудын хүрээнд биш, бүхий л төвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Зүүн аймгуудаар туршлага судлах аяллын багт ямар хүмүүс багтаж байна вэ? 
-Төслийн багт Баянхонгор аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын манлайлагч залуус болон Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх клубуудын төлөөллөөс бүрдсэн 10 шилдэг залуу багтаж байна.
-Аль аль аймгуудаар очих вэ?
-Улаанбаатар хотоос гадна Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгуудад энэ сарын 23 хүртэл ажиллана. Туршлага судлах төслийн хүрээнд Улаанбаатар хотод Иргэний боловсролын төв, Монголын залуучуудын эвсэл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, НҮБ-Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, гурван дүүргийн Залуучуудын хөгжлийн төвтэй танилцана. Харин аймгуудад, тухайн орон нутгаас  залуучуудын талаар баримталж буй бодлого хөтөлбөртэй танилцах, ГБХЗХГ, Залуучууд хөгжлийн төв, Залуучуудын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж сайн туршлагуудыг хуримтлуулах юм.
                                                                                                                                              Б.Мөнхзул
Холбоотой мэдээ