Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын албанаас УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах сургалтыг Өлгий хотод энэ сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад аймгийн төвийн 13, хөдөө сумдын 77 багийн иргэдийн нийтийн хурал /ИНХ/-ын дарга оролцлоо.
Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын үеэр оролцогчдод багийн ИНХ-ын эрх зүйн үндэс, суурь ойлголт, багийн ИНХ-ын хуралдаан, оролцоо, багийн ИНХ-ын шийдвэр, хэрэгжилт, түүнд тавигдах хяналт, бэлчээрийн менежмент, бэлчээрийн менежментийн талаар мэдээлэл өглөө. Мөн багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж дүн шинжилгээ хийх арга зүйн талаар хичээл заажээ.
2017 оны эхэнд болсон сонгуулийн дүнгээр багийн ИНХ-ын дарга нарын дийлэнх хувь нь шинээр сонгогдсон учраас энэ удаагийн сургалт тэдэнд мэдлэг, чиглэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Ө.Нурболат