Ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах эсэхийг шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-07 13:23:36
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 9-ний өдрийн 14:00 цагт хуралдуулах 143 тоот тогтоол гаргалаа. Тус ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна.

Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 16 төлөөлөгч аймгийн Засаг дарга А.Гылымханыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг ИТХ-ын дарга Д.Бауыржанд өнгөрсөн сарын 16-ны өдөр  хүргүүлсэн юм.  Үүнтэй холбоотой аймгийн ИТХ дахь Ардчилсан намын 16, Монгол Ардын Намын 6 төлөөлөгч өнгөрсөн сарын 30-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийд гаргасан билээ.

Гэвч аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн  зүгээс уг хуралдааныг хурлын Тэргүүлэгчдээс зарлан хуралдуулаагүй, хурлын дарга оролцоогүй гэсэн үндэслэлээр хууль бус хэмээн мэдэгдэж, маргаан үүсээд байсан юм.

Ийнхүү тус маргааныг ирэх пүрэв гарагт эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

Ө.Нурболат


 

Холбоотой мэдээ