Ирэх оны төсвийн зорилго нь далд эдийн засгийг ил болгох явдал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-07 11:40:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Төсвийн тухай хуульд зарлага нэмэхээр бол орлого нэмэхгүй. Хэрэв зарлага нэмсэн тохиолдолд өөр санхүүжилтийн зардлыг хасна гэж тусгасан. Гэтэл хуруу дарам зузаан санал ирж байна. Тиймээс ажлын хэсгийн гишүүд аль зардлаа хасаад, аль зардлыг нэмж байна вэ гэдгээ тодорхой тусгаж оруулж ирэх шаардлагатай байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, "Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зардал хэрхэн нэмэгдэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, "Шинэ хууль хэрэгжээд 3-4 сар болж байна. Хуулийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулах гэж байна. Судалж байж бодитой зүйл ярихгүй бол болохгүй. Ачаалал их байна гээд орон тоо нэмээд байж болохгүй" гэсэн тайлбарыг хийв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Хүний эрхийн үндэсний комиссын ирэх оны төсөвт 800-гаад сая төгрөг төсөвлөжээ. Үүний 600 сая төгрөг нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагдах нь. Энэ байгууллагын ажлыг дэмжих үүднээс 300 сая төгрөг нэмж суугах саналтай байна" гэсэн юм. Ж.Батзандан гишүүний саналаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулах үеэрээ, "2018 оны төсөв бол далд эдийн засгийг ил болгож, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа" хэмээн тодотгож байсан юм.
Б.Туул

Холбоотой мэдээ