Монгол бөхөн эрс цөөрч буйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-11-06 13:23:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхөн хамгаалагчидтай өмнөх жилүүдэд бөхөнгийн 100-300 толгой бүхий 10 сүрэг таардаг байсан бол энэ жил нэг сүргийн 7 бөхөн л тэдэнтэй таарсан нь энэ амьтан эрс цөөрсөн гэдгийг нотолж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран 10 дугаар сард Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Хээрийн судалгааны нөхцлөөс үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан нь ажиглагджээ. Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газарт жилийн дөрвөн улиралд бөхөн олноороо байнга байршдаг юм.

“Бөхөн хамгаалах сүлжээ баг”-ийн ахлагч Б.Батсайхан: “Энэ жил маш гандуу зун болсон, мал, амьтан идэх өвсгүй тул малчид отор, нүүдэл хийж байгаа. Бөхөнгийн байршил хэт сарнисан, мөн өвчний улмаас маш цөөрсөн нь энэ өвөл бөхөнд эрсдэл их байгааг харуулж байна” хэмээн онцолж байв.

Зун нь бороо хур орохгүй бэлчээр гарахгүй байсаар намар, өвөлтэй золгон анхны цаснаар шахуу зудын байдалд шилжих нөхцөл үүсэх магадлал өндөр байна. Байгаль цаг уурын таагүй нөхцөл, халдварт өвчний дэгдэлт, хууль бус агнуур нь монгол бөхөнгийн тоо толгойг бууруулж байсан баримтууд бий. Тухайлбал, 2001 оны зун гантай байж, улмаар 2002 оны өвөл тохиосон зуднаар Монгол бөхөнгийн тоо толгой 750 болтлоо буурсан түүх бий.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14 мянгад хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2017 оны гуравдугаар сарын байдлаар 5000 орчим бөхөн үлдэж хоцроод байна.

Үүнээс хойш өвчний тархалт буурч, зогссон ч Монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд бэлчээр сэргэн ургахгүй байсаар ган гачгийн байдалтай энэ зун, намрыг үджээ. Энэ нь 2002 оны зуд дахин давтагдах нөхцөл үүссэн хэмээн бөхөн хамгаалагч нар мэдээлж байна. Иймд ган, зудын эрсдлийг бууруулах оновчтой арга нь одоогоор нүүдлийн замыг нь чөлөөтэй байлгах, бөхөнгийн амьдрах орчинд ургаж буй өвс, ургамлыг хангалттай хэмжээгээр нөөцлөх нь чухал байгаа юм.

Иймээс “Тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах талаар бүхий л талууд анхаарч ажиллах шаардлагатай байна” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ