Хатантуулын хишиг барилдаанд Б.Бат-Өлзий харцага түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-06 09:49:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн нэрэмжит Жанрайсаг бурханы авшиг түгээх, Хатантуулын хишиг барилдаанд Ховдын Б.Бат-Өлзий харцага түрүүлж, 5 сая төгрөг гардлаа.

Өчигдөр буюу ням гарагт Монгол бөхийн өргөөнд болсон тус барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан 256 бөх зодоглосон. Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий энэ удаа түрүүлсэн бол Дундговийн харъяат, улсын начин Э.Даш үзүүрлэж, их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар тунав.

Харин түрүү бөхийн тааварт яригдаад байсан хоёр арслан гурвын даваанд өвдөг шороодсон. Улсын арслан Н.Пүрэвдагва аймгийн начин Б.Баатарболдын хөлд нь орж түрж яваад мушгиулж унасан бол Н.Батсуурь арслан энэ жилийн наадмын тааврыг өөрчилсөн аймгийн заан Б.Болдбаатарыг амалж аваад уналаа.
 
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөхөд 5 сая, үзүүр бөхөд 3 сая, их шөвгийн бөхчүүдэд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулав.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ