Аймгийн төв рүү мал оруулахад тавих хяналтыг чангатгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Идэшний улирал эхэлcэнтэй холбогдуулан малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Уг ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын ЗДТГ-тай хамтран 40 хоногийн сарын аяныг эхлүүлжээ.
Мөн аймгийн төв орох гурван чиглэлийн зам, Ногоонуур сумын Тавилтайн хавцал, Улаанхус сумын Согогийн гүүрд 24 цагийн ажиллагаатай хяналтын пост ажиллуулахаар болжээ. Энэ талаар тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч Б.Хайырлыс: "Хяналтын постууд аймгийн төвд орж гарах тээврийн хэрэгслүүд болон малыг бүртгэж хяналт тавина. Мал болон мах оруулж ирэх иргэд гарал үүслийн гэрчилгээ авсан байх ёстой. Түүнчлэн тээврийн хэрэгслүүдийн оношилгоонд орсон, татвар төлсөн, даатгалд хамрагдсан эсэхийг мөн давхар шалгана" гэсэн мэдээллийг өгч байна.
2016 онд аймгийн хэмжээнд 12 малын хулгайн хэрэг бүртгэгджээ. Үүнээс 10 хэргийн холбогдох эзнийг тогтоож зохих хариуцлага хүлээлгэсэн бол хоёр хэргийг шалгаж байгаа аж. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар малын хулгай 25 хувиар өссөн байна.
Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар малын хулгайг тусад нь гэмт хэрэг болгон зүйлчилж, хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлжээ. Иймээс ард иргэдийг мал хулгайтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Ө.Нурболат