Иргэдийн цахим үнэмлэхийг солих шаардлага тулгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-02 13:21:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 дугаар сард Орон нутгийн хөгжлийн сангийн  36,8 сая төгрөгөөр Өлгий хотын гудамж, талбайг хаягжуулах ажлыг хийсэн юм. Ингэхдээ аймгийн төвийн 497 гудамж, 6563 хашаа, 302 байшинг хаягжуулжээ. Хаягжуулалтын ажил хийгдсэнтэй холбогдуулан иргэдийн цахим үнэмлэх дээр бичигдсэн оршин суух хаягийг өөрчлөх шаардлагатай байгааг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай зөвлөлгөөний үеэр мэдэгдлээ.

2016 оны жилийн эцсийн тооллогоор Өлгий суманд 16-60 насны 20669, 60-аас дээш насны 1679 иргэн бүртгэгджээ. Ийнхүү тус сумын 22348 иргэний цахим үнэмлэх, 971 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн бичиг баримт, мөн эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх гэрчилгээнд зохих өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа аж.

Бичиг баримтад өөрчлөлт оруулах асуудлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад: "Хаягжуулалтын ажлыг анхнаасаа манай байгууллагатай хамтран зохион байгуулах ёстой байсан. Гэвч тэгээгүй. Бичиг баримтуудад өөрчлөлт оруулах тухай дээд шатны байгууллагаас одоогоор чиглэл ирээгүй байна" гэсэн хариултыг өглөө.  

Ийнхүү иргэдийн гарт байгаа бичиг баримтуудыг шинээр солих, өөрчлөлт оруулах асуудлаар тодорхой хэмжээний зардал гаргаж ажил зохион байгуулахгүй бол хаягжуулалтын ажил үр дүнгүй болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ