АХБ-ны төлөөлөгчид хөрөнгө оруулалтынхаа ажлын явцтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-26 11:07:05
Ховд /МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд Ховд аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлуудын явцтай танилцаж байна. Тухайлбал, Ховд аймагт баригдаж байгаа босоо тэнхлэгийн автозам буюу Булган боомтоос ОХУ-ын хил хүртэлх зам, БОЭТ-ийн оношилгооны корпусын ажлыг барих үйл явц, Ховд их сургуульд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт зэрэг ажлуудын явцтай танилцлаа. 
Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзаж аймаг орон нутагт хийгдэж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцаж санал солилцлоо. Уулзалтын үеэр aймгийн Засаг дарга “Азийн хөгжлийн банк бол манай орны түншлэгч томоохон байгууллагуудын нэг. Зам дэд бүтцийн хувьд чанартай сайн замууд тавигдаж байгаад ард иргэд болон аймаг орон нутгийн удирдлагын хувьд баяртай байна. Зам харилцаа сайжирснаар бүс нутгийн эдийн засаг өргөжин тэлэх суурь хүчин зүйл болно. Тиймээс бид цаашид замаа дагаад хөгжлийн олон үүд хаалга нээгдэнэ гэж итгэж байна. Миний хувьд анх 2003 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеэдээ энэхүү замын транс тогтоох ажилд гар бие оролцож ажлын эхлэлийг тавьж байсан” гэв.
Аймгийн засаг дарга Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудад хандаж  бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байж ирлээ гээд цаашдын хамтын ажиллагаанд  амжилт хүслээ.
                                                                                                                                                    А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ