МИАТ-ын тасалбарын үнийг бууруулах санал боловсруулах чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-24 19:12:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Иргэний нисэхийн салбарын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсч үүрэг чиглэл өглөө
Иргэний нисэхийн салбар дахь өнөөгийн байдлын талаар тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ компанийн  захирал Т.Тамир нар танилцуулга хийв. МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Мөн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудал тулгамдаад байгаа талаар танилцуулав.
Салбарын сайд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгч, санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгов.Мөн МИАТ компанийн зорчигчийн тасалбарын үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгөв. Тэрбээр, “Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр идэвхжүүлэн ажиллах нь зүйтэй” гэлээ.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ