МАН-ын Их хурлын төлөөлөгчийг энэ сарын 27-ноос сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-24 10:11:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 28 дугаар Их хурал ирэх 11 дүгээр сарын 20-21-нд болно.
Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох юм.Өнгөрсөн сард хуралдсан тус намын Бага хурлаар Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох тухай журмыг боловсруулж гаргасан юм. Тус журамд, нийт гишүүдийн санал бодлыг Их хуралд илэрхийлэх чадвартай, Их хурлын шийдвэрийг намын гишүүд, дэмжигчдэд сурталчлан таниулж хэрэгжүүлэхэд үлгэрлэн ажиллаж, намын байгууллага хамт олны итгэлийг хүлээсэн, удаа дараа сонгуульд идэвхтэй оролцсон гишүүдийг төлөөлөгчөөр сонгоно" хэмээн заажээ. ИХТ-ийг сонгох ажил энэ сарын 27-ноос эхэлж, ирэх сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ. 
Одоогийн байдлаар, МАН-д нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байна. Нийт 211637 гишүүн бүртгэлтэйгээс нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүнтэй. Мөн гишүүдийн 54003 буюу 25.5 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад, 7057 буюу 3.33 хувь нь төрийн бус байгууллагад, 14178 буюу 6.69 хувь нь оюутан, 1556 эрдмийн зэрэг цолтой гишүүд юм. Нийт гишүүдийн 105398 буюу 49.8 хувь нь эмэгтэйчүүд, насны хувьд 61510 буюу 29.1 хувь нь 18-35 нас, 56710 буюу 26.8 хувь нь 35-45 нас, 56291 буюу 26.6 хувь нь 46-60 нас, 37126 буюу 17.5 хувь нь 61-ээс дээш насны хүмүүс байна.
 
Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцох юм.
Б.Туул
Холбоотой мэдээ