Отгонтэнгэр ууланд сураггүй болсон иргэдийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-22 21:23:28
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 10 дугаар сарын 22-ны өдрийн 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Мөн Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс сэхээний эмч нэг, гэмтлийн эмч нэг, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эмч нэг, дөрвөн сувилагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, аймгийн Цагдаагийн газраас дэд хурандаа н.Мөнхбатаар ахлуулсан шинжээчдийн бүрэлдэхүүн, Шүүхийн шинжилгээний газрын алба хаагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Улиастайгаас өнөөдөр 16.47 минутанд Отгон сумын чиглэлд гарчээ. Энэ ажлын хэсэг Отгон сумд 20.15 минутанд хүрч, цаашаа Отгонтэнгэр уул руу гарахаар явсан тухай мэдээлэл ирүүлжээ.
Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг Отгон сумаас цагдаагийн ахлагч н.Бум-Эрдэнээр ахлуулсан таван хүн яг газар дээр нь ажиллаж байна. Нэмэлтээр Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба хаагч нар ажиллаж байна. Дээрх ажлын хэсгүүдийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа. Газар дээрх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэсэн мэдээллийг Завхан аймгийн Онцгой байдлын газраас өглөө.
Дашрамд Завхан аймгийн Отгон сум нь аймгийн төв Улиастайгаас 130 км, Отгон сумаас Отгонтэнгэр хайрхан 60 гаруй км зайтай, эдгээр замууд нь гуу жалга, чулуу ихтэй бартаатай зам ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ