Албан тушаалаа урвуулан ашиглаж 1,5 тэрбум төгрөг залилагчдыг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-20 12:18:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль зөрчин төрийн өмч шамшигдуулсан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-аас баривчилсан талаар эх сурвалж мэдээлж байна. Улмаар нэр дурдсан хоёр хүнийг цагдан хорьсон байна.
ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байруудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чиг үүрэгтэй ажилладаг. Өчигдөр тэднийг ажил дээрээ байхад нь АТГ-ынхан очиж, прокурорын зөвшөөрлөөр шалгалт хийж, улмаар холбогдох бичиг баримтууд, бэлэн мөнгийг битүүмжилж, улмаар дарга нарыг нь баривчилжээ.
Тэд 2013-2017 оны хооронд албан тушаалаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх мэт 9 компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогджээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа хэмээн АТГ-аас  мэдээлж байна.

 

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ