Мал аж ахуй салбарын өвөлжилтийн бэлтгэл 88,7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-20 00:15:36
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймагт мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл  88,7 хувьтай байна. Аймгийн Засаг даргын өвлийн бэлтгэл хангах тухай 2017 оны 359 тоот захирамжийн хүрээнд ажлаа зохион байгуулж байгаа юм.

2017 онд аймгийн хэмжээнд 63050 тонн хадлан бэлтгэхээс, 58641 тонныг бэлтгэж төлөвлөгөө 93 хувиар биелжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 8780 тонноор бага үзүүлэлт юм. Мөн 1195,5 тонн ногоон тэжээл, 6391 тоон гар тэжээл, 29387.7 тоон эрдэст тэжээл тус тус бэлтгэсэн байна.

Засгийн газрын 2017 оны 186 тоот тогтоолоор сум тус бүр 50 тонн өвс, 20 тонн тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг үүрэг болгосон аж. Уг ажлын хүрээнд Алтанцөгц, Бугат, Өлгий сумаас бусад сумууд 8,5-50 тонн өвс нөөцөлжээ. Харин  хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэсэн шалтгаанаар нэг ч сум хүчит тэжээлийн нөөц бүрдүүлээгүй байна

Нэгдсэн дүнгээр малчдын өвс, тэжээл бэлтгэл 73,3 хувь, сумын аюулгүйн нөөц бэлтгэл 33,6 хувь, худгийн бэлэн байдал 96 хувь, малын усан хангамж 88,8 хувь, малчин өрхийн хашаа бууцны хангамж 103,9 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувь байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албанаас мэдээллээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ