Баян-Өлгийд нийт малын 15 хувьд бэлчээр хүрэлцэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-18 15:48:08
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран хийсэн бэлчээрийн ургац тогтоох ажлын дүнгээр аймгийн хэмжээнд  дунджаар нэг га-гийн бодит ургац 1,2 ц/га байгаа нь тогтоогджээ.  Энэ үзүүлэлт 2016 онд 2,4 ц/га байсан ба ургацын хэмжээ 50 хувиар буурсан аж.

Дээрх ургацын гарцаар бэлчээрийн хүрэлцээг тооцоолоход нийт малын 54,9 хувь нь өөрийн аймгийн бэлчээрээр, 4,4 хувь нь зэргэлдээ Ховд, Увс аймгийн нутагт, таван хувь нь байнгын тэжээлд, 9,4 хувь нь бэлчээрийн ургацын гарц сайтай сумдын нутгаар, 0,3 хувь нь тусгай хэрэгцээний  газарт, 5,8 хувь нь хилийн зурвас газарт, 4,8 хувь нь тусгай хамгаалалттай газарт өвөлжих юм. Харин 15 хувьд нь бэлчээр хүрэлцэхгүй байгаа аж.

Тус аймаг 2016 оны эцэст 2167413 толгой мал тоолуулжээ. Үүнд хавар бойжуулсан төлийг нэмж, зүй бусын хорогдол, дотоод хэрэгцээний болон борлуулсан мал, олон жилийн дунджаар тооцон бусад зарлагыг хасахад, ирэх өвөл 15126  өрхийн  5099 тэмээ, 93676 адуу, 167637 үхэр, 997470 хонь, 1048732 толгой ямаа, бүгд 2312614 толгой мал өвөлжих тооцоо гарсан байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ байдалд дүгнэлт хийж, өвөлжилт хүндэрч болзошгүйг иргэдэд анхааруулж байна. 
 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ