Академич А.Мекейн нэрэмжит олимпиад зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-16 16:05:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өлгий хотод аймгийн Засаг даргын Тамгын Газар, Боловрол, соёл, урлагийн газар хамтран Монгол Улсын Ардын багш, академич Абишийн Мекей агсны нэрэмжит баруун бүсийн математикийн олимпиадыг зохион байгууллаа.

Энэ жил гурав дахь удаагаа явагдсан тус олимпиадад Увс, Ховд аймгуудаас тус бүр 2, Баян-Өлгий аймгаас 9 баг, нийтдээ ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн 142 сурагч оролцжээ. Энэ талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Х.Азатбек: "Олимпиад хоёр өдөр үргэлжиллээ. Багийн дүнгээр Увс аймгийн сурагчид нэгдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Дарын сургууль 2 дугаар байрт тус тус шалгарлаа. Олимпиадын хүрээнд Математикийн Олимпын Хорооноос баруун аймгуудын математикийн багш нарт сургалт зохион байгуулснаараа онцлогтой боллоо" гэв.

Академич Абишийн Мекей нь Монголын казахуудаас математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны хүн аж. Тэрээр 1972 онд Мосвкагийн Их сургуульд "Фейтийн нөхцөлтэй цагираг ба херстений олон гишүүнт" сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний, 1994 онд "Төгслөг ассоциатив цагиргаар үүссэн цогцос ба түүний экстремал болон критик чанар" сэдвээр докторын зэргийн тус тус хамгаалжээ. Мөн математикийн 6 сурах бичиг, 20 гаруй гарын авлага, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүл бичсэн Монголын тэргүүн эгнээний эрдэмтдийн нэг байжээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ