Салбар комиссын хурлаар нэг хүүхдэд байнгын асаргаа тогтоож өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-12 21:47:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс" анхны хурлаа хийлээ. Хуралд хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхэд харгалзах эмч, эцэг, эхийн хамтаар оролцсон бөгөөд гурван хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн тогтоож, үүнээс нэг хүүхдэд байнгын асаргаанд байх шаардлагатай хэмээн тогтоож өглөө.

Эдгээр хүүхдүүд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлэгт суралцаж, боловсролын үйлчилгээнд хамрагддаг юм.
Салбар комисс нь сард хоёр удаа хуралдахаар товлож, дараагийн хурлыг 10 сарын 26-ний өдөр хийхээр боллоо.
Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны 185, 2016 оны 200 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2017 оны а/113 тоот захирамжаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс"-г байгуулсан юм. Комисс нь аймгийн хэмжээнд амьдарч байгаа 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нарийвчилсан судалгааг гаргах, хөгжлийн бэрхшээлийг оношлон тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал, сэргээн заслын үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудад холбон зуучилж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах зорилготой аж. 
Б.Батчимэг 
 
Холбоотой мэдээ