Үдийн хоол, цайнд бүтээгдэхүүн нийлүүлэгчид сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-12 20:10:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас энэ хичээлийн жилд  зургаан сургууль, 15 цэцэрлэгийн үдийн хоолонд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг зөвхөн Эрдэнэбулган сумын малчид, бизнес эрхлэгчдээс авах бодлого барьж, малчид, иргэдтэй гэрээ байгуулжээ.

Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үдийн хоол цайны бүтээгдэхүүнүүд эрүүл байх үүднээс аймгийн Мал эмнэлгийн алба, сумын Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран Эрдэнэбулган сумын мах, сүүний тендерт шалгарсан иргэд, аж ахуйн нэгжийн эздэд сургалт, мэдээлэл хийлээ.

"Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах явцад анхаарах асуудлууд", "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд дээж авах, бэлтгэх, илгээх" гэсэн сэдвээр хийсэн сургалтад  11 иргэн, аж ахуйн нэгжийн эзэд хамрагдсан байна. 

Ингэснээр мах, сүү нийлүүлэх аж ахуй нэгж, иргэд эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэн нийлүүлэх, хадгалах, дээжлэх зэрэг мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна тэдний нийлүүлж байгаа мах, сүүнд ямар нэг доголдол гарахгүй, хүүхэд эрүүл хоол хүнс хэрэглэнэ гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар тэднийг төрөөс дэмжиж, хариуцлагажуулж байгаа юм. 
 
 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ