“Саятан багш”-аар 17 багш шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-10 10:03:42
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 23, Монголын Багш нарын 51 дэх өдрийг Өвөрхангай аймгийн боловсролын салбараас энэ сарын 7-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хүүхэд, багачуудад боловсрол мэдлэг олгох үйл хэрэгтээ эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид тус өдөр баярын хурлаа хийж, салбарын амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцсэн юм. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 41 цэцэрлэгт 6600 гаруй, ерөнхий боловсролын 30 сургуульд 21,3 мянган хүүхэд, багачууд суралцаж, тэдэнд 2300 гаруй эрдэмтэн багш, ажилтан хөгжлийн түүчээг залгамжлуулахаар ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын 2016 оны 23 дугаар тогтоолоор “Багшийн ажлын амжилтыг дүгнэж, мөнгөн урамшуулал олгох тухай журам” батлагдан гарсан бөгөөд жил бүр “Саятан багш”-ийг шалгаруулан шагнадаг болсон. Баярын өдрөөрөө 17 багш энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болж, тус бүр 2 сая төгрөгийг гардан авлаа. Мөн БСУГ-аас шалгаруулдаг шилдэг багш нар тодорч, “Аймгийн тэргүүний сургууль”-иар Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургууль, “Тэргүүний захирал”-аар Арвайхээр сумын Мэргэд сургуулийн захирал Н.Норгимханд, “Тэргүүний сургалтын менежер”-ээр Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн менежер Х.Нарантуяа, “Шилдэг залуу багш”-аар Баян-Өндөр сумын математикийн багш Ч.Даваажав, “Цэцэрлэгийн шилдэг багш”-аар Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн багш О.Болормаа, “Шилдэг арга зүйч”-ээр БСУГ-ын арга зүйч Г.Энхрийцэцэг, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар БСУГ-ын нярав Ч.Сайнчулуун, “Шилдэг дунд ангийн багш”-аар  Мэргэд сургуулийн Монгол хэлний багш Л.Тэрбиш, “Шилдэг бага ангийн багш”-аар Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш н.Цэцэгмаа нар тус тус шалгарчээ. Энэ үеэр Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэг “Улсын тэргүүний” болзлыг ханган өргөмжлөлөө гардан авлаа.
Түүнчлэн Засгийн газрын олоод салбарын, орон нутгийн эрхэм хүндтэй шагналуудаар багш нар хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж “энгэр цоолсон” шагналын хуртай өдөр болов.
Баярын хурлын нээлтийг хийж аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ “Сургууль хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажил, хөдөлмөрийн үр дүн, сурагчдын хичээл зүтгэлийн илэрхийлэл болсон элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2017 онд өмнөх амжилтуудаа бататган 520,7 хэмжээст оноотойгоор  улсын хэмжээнд эхний байруудад шалгарч байгаад аймгийн удирдлагуудын хувьд бахархан, талархаж байна. Мөн  Арвайхээр сумын 3-р цэцэрлэг "Улсын тэргүүний цэцэрлэг"-ээр шалгарсанд баяр хүргэе” хэмээн онцоллоо.
Тэрбээр “Бидний зүгээс боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх стандарт боловсрол олгох ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ёс зүйн чадамжтай багш нараа бодлогоор дэмжих хүрээнд “ЕБС, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай 2020” үйл ажиллагааны хөтөлбөрт хэлэлцэн тусгасан “Шатар”, “Адил боломж”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Олон нийтийн оролцоот сургууль” аймгийн хөтөлбөрүүдийг баталлаа. Эдгээр хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллахад, багш нэг бүрийн ёс зүй манлайлал, уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр нэн чухал гэдгийг онцлон дурьдаж байна” гэсэн юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ