Хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-09 16:44:38
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар 4 хүүхдийг сэргээн засах үйлчилгээнд, 10 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.

Үүний эхний ажил болгож Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран Эрдэнэбулган сумын 4-р багийн тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг 5 настай Оюунчимэгийн Саранцэцэг охиныг хүүхэд харах үйлчилгээнд хамруулсан байна. Хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар охин эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжин, ээж нь чөлөөт цагаараа ажил хийж өрхийн орлогоо дээшлүүлэх боломж нөхцөл бүрджээ.  
 
Тус салбар комисс нь он гарсаар 17 удаа хуралдаж, дотор эрхтний согогтой 44 хүүхэд, оюуны хомсдолтой 46 хүүхэд, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 10 хүүхэд, сэтгэцийн эмгэгтэй 47 хүүхэд, харааны бэрхшээлтэй 9, тулах хөдлөх эрхтний согогтой 15 гээд нийт 171 хүүхдийг салбар комиссын хурлаар оруулжээ. Үүнээс 148 хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж, журамд заалт байхгүй, эдгэрсэн 23 хүүхдийг хассан байна. 
Архангай аймгийн Засаг даргын захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг оны эхэнд байгуулсан. Салбар комиссын зорилго нь аймгийн хэмжээнд амьдарч байгаа 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээл болон чадварыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, сэргээн засалтын үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудад холбон зуучилж түүний хэрэгжилтэд хяналт тавих юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ