Талын-Уул багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 22:17:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Угтаалцайдам сумын хамгийн алслагдсан хэсэг Талын-Уул багт 140 сая төгрөгөөр үүрэн холбооны сүлжээ нэвтрүүллээ.

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд тус тойргоос нэр дэвшсэн Н.Энхболдоос үүрэн холбооны сүлжээ оруулж өгөхийг хүсч байжээ. Энэхүү хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд Үндэсний оператор “Жи мобайл” компанид санал тавьснаар алслагдсан сум суурингийн иргэдэд үүрэн холбооны сүлжээнд холбогдов.

Аль ч операторын сүлжээ нэвтрээгүй байсан Талын-Уулд үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй тариаланч, малчид цаг алдалгүй холбоо барих боломжтой болж байгаадаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: “Угтаалцайдам сумыг засмал замаар холбох томоохон ажил мөн нааштай шийдэгдэж байгаа. Замын транс, мартшрутыг судлаад хөрөнгө санхүүгийн асуудлыг эцэслэн тогтоосон. Ирэн  оны төсвийн төсөөлөлд энэ замын зураг төслийн 660 сая төгрөгийг тусгуулаад явж байна. Замын ажлыг нэг зун хийдэг амар ажил биш. Зураг төслийн санхүүжилтээ батлуулсан байхад цаашид ажил эрчимтэй өрнөнө. Дараагийн ажил нь сургуулийн дотуур байр, эмнэлгийн асуудал байгаа. 2018-2019 оны төсөвт тусгуулахаар саналаа өгчихсөн явж байна. Зам, холбоо харилцаа нэвтэрсэн газар хөгжил ирдэг. Газар тариалан мал аж ахуйгаа хослуулан хөгжүүлж буй энэ сумынхан монголчуудын хүнсний хангамжид томоохон хувь нэмрээ оруулж байгаа” гэлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат: “Үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй 400 гаруй газраас хүсэлт ирснээс энэ жил 12 цэгийг сонгож сүлжээ нэвтрүүлж байна. Үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхэд тооцоо судалгаа хийж тодорхой техникийн боломжуудыг бүрдүүлдэг. Мөн санхүүгийн асуудал чухал юм. Өнөөдөр Угтаалцайдам сумын Талын –Уул багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхэд одоогоор 140 орчим сая төгрөг зарцуулаад байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас 90-ээд сая төгрөг гаргаж үлдсэн санхүүжилтийг “Жи мобайл” компани хариуцсан. Үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр цаашлаад интернетийн үйлчилгээ нэвтэрнэ” хэмээн онцолсон юм.

Т.Төмөр
Холбоотой мэдээ