Шүлхийн нэгээс бусад голомтын дэглэмийг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-06 18:05:11
Дундговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчний голомт анх үүсч хорио цээрийн дэглэм тогтоосон Гурвансайхан сумын Дэрсэнэ- Ус багийн нутаг дахь дэглэм цуцлагдаж, өнөөдрөөс эхлэн энгийн байдалд шилжлээ. Голомтын бүс дэхь мал сүргийг вакцинжуулж дууссанаас хойш 21 дараа хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байсан юм. Хязгаарлалтын дэглэм 14 хоног үргэлжилсний эцэст өвчний тохиолдол дахин бүртгэгдээгүй тул дэглэмийг ийнхүү цуцалжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумын нутагт шүлхийн 3 голомт үүсч, хорио цээрийн дэглэм үргэлжилсэн бөгөөд нэгээс бусдад нь ийнхүү дэглэм нь цуцлагджээ. Одоогоор Өлзийт, Гурвансайхан, Өлзийт сумын зааг нутагт үүссэн голомтын хувьд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.  

Өвчний голомтын 3 бүсэд  37 өрхийн 670 гаруй мал өвчилсөн. Үүний  255- ыг нь устгасан бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаанд нэг сая илүү малыг вакцинжуулсан.  Вакцины эхний татан авалтаар 1431 өрхийн 930 шахам мянган мал, хоёр дахь удаагийнхаар 150 гаруй мянган малыг вакцинжуулсан бол гурав дахь удаагаа 26 мянган тун вакцин нэмж авснаар  вакцинжуулалтаас үлдсэн 5 сумын малыг тарьж байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ