Энэ онд гарсан малын хулгайг бүрэн илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-05 20:29:24
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт он гарсаар 9 сарын хугацаанд мал хулгайлах 14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг урьд оны энэ үеийнхтэй харьцуулахад  6 тохиолдлоор өссөн үзүүлэлт болж байгаа юм. Эдгээр гэмт хэрэг өнгөрсөн өвөл хавар голчлон гарсан бөгөөд тавдугаар сараас хойш нэмж хэрэг бүртгэгдээгүй. Гарсан бүх хэргийг бүрэн илрүүлсэн гэдэг мэдээллийг тус аймаг дахь  Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч Б. Түвшинбаатар хэллээ.

Хамгийн сүүлд Төв, Говьсүмбэр, Дундговийн нутгаар дамжин таван этгээдийн бүлэглэн үйлдсэн 10 удаагийн хэргийг илрүүлсэн байна. Малын хулгайчид хаана хариулгагүй мал байна гэдгийг урьдчилан тандаж, газар нутгийн байршил, зам харгуйг судлан, нарийн зохион байгуулалттайгаар мал хулгайлдаг. Ингэхдээ дандаа бод малыг түүдэг байна. Энэ мэтээр малын хулгай хэрэг үйлдэгдээд удсан ч удаагүй ч заавал л илэрдэг. Илрэх илрэхдээ хулгай хийсэн этгээдүүд бүлэг бүлгээрээ илэрч, өөр бусад аймаг сумын нутгаас мал хулгайлсан олон удаагийн давтан  үйлдэл нь ч давхар тогтоогддог байна.

Мал хулгайлах гэмт хэргийн 30- 40 тохиолдол нэг жилд бүртгэгддэг байсан үеийнхтэй харьцуулахад  сүүлийн 3- 5 жилд энэ төрлийн хэрэг тооны хувьд харьцангуй цөөрсөн байна. Гэхдээ нэг удаагийн үйлдлээр олон тооны мал хулгайлдаг, энэ хэрээр малчдад их хэмжээний хохирол учирдаг, хулгайг илрүүллээ гэхэд хохирол нөхөн төлөгдөх нь  ховор учраас малын хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа хариулга маллагаатай байлгахаас эхлээд байнгын анхаарал сэрэмж малчдад шаардагдсаар байгааг Цагдаагийн байгууллага сануулж байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ