Оны шилдэг багш Дорнодоос тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-05 16:48:56
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Хан-Уул сургуулийн бага ангийн багш Ч.Сувдмаа “Оны шилдэг багш”-аар шалгарлаа. Тэрээр боловсролын салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа Боловсрол судлалын магистр, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй багш юм.
Тэрээр олон жилийн туршлага дээрээ үндэслэн хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, хугацаанд нь чадвар дадал эзэмшүүлэх  “Алхам бүр–Урам” технологийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус арга барилаар хүүхэд бүрийг зөв таньж тэдний чадварт тохирсон олон хувилбарт даалгавар боловсруулан, өдөр бүр явцын үнэлгээгээр урамшуулан ахиц, амжилтыг үнэлдэг. Сурагчдын хэл яриа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “Өгүүлбэртэй бодлогын цаг”, “Бид зохиолч цаг”, “Номын анд цаг”-ийг хичээллүүлж хэвшсэн нь  хүүхдийн бие даан ажиллах чадварыг нэмэгдүүлж, ангийн стандарт хангалт тогтмол 90 хувьтай байх болсон гэж Ч.Сувдмаа багш хэлсэн.  
Мөн тэрээр сурагчдынхаа хүсэл сонирхолд тулгуурлан “Эко” клубыг гурван жилийн турш хичээллүүлж байгаа юм. Тус клубт хамрагдсанаар, сурагчид байгальтай зөв харьцаж, хайрлан хамгаалдаг болохоос гадна өөрийгөө илэрхийлэх, нийгмийн орчинд биеэ зөв авч явах зэргийг сурдаг байна.

Д.Дэлгэрмаа 

Холбоотой мэдээ