Урд нь явсан машин чигээ огцом өөрчилснөөс осол гарсан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-04 12:05:38
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын албаны 0001 АРА дугаартай Ланд-200 машин айлын хашаа мөргөсөн тухай мэдээлэл өнгөрсөн хугацаанд олон  олон нийтийн сүлжээгээр тарсан. Энэ тухай мэдээллийг аймгийн ЗЦТ-аас тодрууллаа.
Тэрбээр, “9-р сарын 16-ны өглөө аймгийн төв Эрдэнэбулган сумын Бор толгой гэр хороололд 0001АРА улсын дугаартай LAND 200 маркийн автомашин шороон замаар хөдөлгөөнд оролцож явах үед өмнө нь явж байсан автомашин зүүн гар тийш огцом эргэсний улмаас хоёр машин шүргэлцэж, 0001 АРА дугаартай автомашин зүүн гар тийш чиг өөрчлөн зүүн талд байсан бетонон хашааг мөргөж осол гаргасан. Машинд тухайн автомашиныг эзэмшигч жолооч Л.Мөнхбат өөрөө зорчиж явсан. Харин машиныг иргэн Б жолоодож явсныг шалгаж байна. Б нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь багажаар үлээлгэхэд тогтоогдсон. Харин осол гарах үед аймгийн Засаг дарга автомашинд байгаагүй. Бид энэ хэргийг шалгаж байна” гэлээ. Ямартай ч машинд зорчиж явсан болон барьж явсан хүмүүс ямар нэг байдлаар гэмтээгүй байна.

Энэ ослыг цахим мэдээллийн хэрэгсэл болон зарим төвийн телевизүүдээр улс төрийн өнцгөөс харж мэдээлж байсанд аймгийн Засаг даргын жолооч Л.Мөнхбат залруулах зорилгоор өөрийн буруугаа хүлээсэн постыг цахимд  байршуулсан байдаг. Осол гарснаас хойш 17 өдөр өнгөрсөн байна. Энэ хугацаанд машиныг засварт оруулсон ба төлбөр нь 13 сая төгрөг болсон гэх албан бус мэдээлэл байна.

 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ